Monday 27 June 2016

Хамгийн өндөр ашигтай 15 жижиг бизнес

Хамгийн өндөр ашигтай жижиг бизнесийн 15 төрлийг олон улсын хувиараа бизнес эрхлэгчдийн судалгааны төвөөс гаргасан байна (www.entrepreneur.com). Тус жагсаалтад үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой 2-3 бизнес, үйлчилгээ орсон байгаа нь сонирхол татсан тул орчуулан та бүхэндээ хүргэж байна.

  1. Нягтлан бодох болон татварын үйлчилгээ (18,4%-ийн цэвэр ашгийн өгөөжтэй
  2. Компани, үйлдвэрлэлийн удирдлагын үйлчилгээ (15.5%)
  3. Үл хөдлөх хөрөнгийн агент, брокерийн оффис, үйлчилгээ (15,2%)
  4. Автомашин, тоног төхөөрөмжийн түрээс, лизингийн үйлчилгээ (14.55%)
  5. Хуулийн үйлчилгээ (14.48%)
  6. Шүдний эмчийн оффис, үйлчилгээ (14,41%)
  7. Цахилгаан эрчим хүч үүсгэвэр, шилжүүлэгч, түгээгч үйлчилгээ (14.02%)
  8. Үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэгч (14.01%)
  9. Бусад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх үйлчилгээ (13.3%)
  10. Мэргэжлийн эрүүл мэндийн эмчийн үйлилгээ (13.01%)
  11. Арилжааны болон үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмжийн түрээс, лизингийн үйлчилгээ (12.58%)
  12. Шашны байгууллага (12.41%)
  13. Менежмент, шинжлэх ухаан болон технологийн консалтинг үйлчилгээ (12.05%)
  14. Оффисийн удирдлагын үйлчилгээ (11.3%)
  15. Мэргэшсэн дезайны үйлчилгээ  (11.4%)


Нэгтгэн дүгнэхэд эдгээр жижиг бизнес нь ихэвчлэн хувь хүний ур чадварт тулгууласан, хүний нөөцийг гол болсон бизнесүүд гэдэг нь харагдаж байна.  

Thursday 9 June 2016

‪#‎РЕАЛТОР_СУРГАЛТ_2016‬

Барилгын зах зээлийн нийлүүлэлт, өрсөлдөөн, иргэдийн байрны эрэлт хэрэгцээ, зах зээлийн ялгарал нь энэ салбарын хөгжлийг мэргэжлийн түвшинд хүргэх зайлшгүй шаардлагыг бий болгож байна. Өнөөдөр бид арван жилийн өмнөх шиг зар өгөөд байраа зарах, хүссэн байраа худалдан авах гэдэг ойлголт аль хэдийнэ үгүй болсон. Энэ асуудлыг тань шийдэж өгөх мэргэжлийн хүн бол Реалтор юм. Олон улсад реалтор гэж нэршигдсэн үл хөдлөх хөрөнгийн менежерүүд бол хамгийн олон ур чадар, мэдлэг шаарддаг мэргэжлүүдийн нэг. 
REMM center's photo.

Монголын Үл хөдлөх хөрөнгө зуучлалын нэгдсэн холбооноос салбарынхаа мэргэжилтэн, реалторуудын мэдлэг чадварыг улам сайжруулах, бэхжүүлэх зорилгоор жил бүр тодорхой зорилго, мэдлэг олгох сургалтуудыг зохион байгуулдаг билээ. Энэ жилийн хувьд АНХАН болон ДУНД шатны Реалторын сургалтыг нэгтгэн зохион байгуулж байгаа бөгөөд дараах сэдвүүдээр туршлагатай сургагч багш, зах зээл судлаачид уригдан сургалтанд оролцох юм байна. 

Сургалтын сэдвүүд: 

• ҮХХ-ийн төлөв байдал, зах зээлийн чиг хандлага
• ҮХХ-ийн менежментийн үндсэн ойлголт
• ҮХХ-ийн зах зээлийн судалгаа, мэдээллийн сан
• Барилгын ерөнхий ойлголт
• Бренд, брендийн удирдлага
• ҮХХ-ийн зах зээлийн маркетинг, онцлог
• ҮХХ-ийн үнэлгээ, кейс дасгал ажил
• ҮХХ-ийн гэрээ, төрөл, онцлог
• ҮХХ шилжүүлэх процесс буюу улсын бүртгэлийн шат дараалал
• Реалторын ёс зүй, хэм хэмжээ, мэргэжлийн харилцаа


Сургалтын онцлогийг зохион байгуулагчид дурьдахдаа, тус цогц сургалт нь олон мэдээлэл гэхээс илүүтэйгээр бодит ур чадвар эзэмшүүлэхийг чиглэсэн тул дасгал, жишээ, багийн ажиллагааг түлхүү оруулж, суралцагчийг төв болгоно гэсэн юм.


Тус сургалтанд үл хөдлөх хөрөнгийн зуучлагчид болон баригын зах зээлээс борлуулалтаа өөрсдөө хийхээр шамдан буй барилгын компаниудын реалтор, борлуулалтын ажилтнууд, мөн энэ салбарыг сонирхогчид хамрагдах боломжтой юм.

Хэзээ: 2016.06.17-19-ны өдрүүдэд
Хаана: МҮХАҮТанхим
Бүртгэлийн хугацаа: 2016.06.17-ны 13.00 цаг хүртэл

Та энд дарж бүртгүүлнэ үү.

Холбогдох утас: 8811-2552, 9906-2457, 7700-2457, 9411-0035

Жич. Энэ долоо хоногтоо багтаж буюу 12-ноос өмнө төлбөрөө төлвөл Эртэч шувуухай нарт 10%-ийн хөнгөлөлт олгоно.

Tuesday 24 May 2016

Өмнөх бичлэгийн үргэлжлэл болгон дараах хоёр ажлын байрны хийх ажил үүргийн онцлогийг оруулж байна.

Талбайн менежер /Site manager/

Талбайн менежер нь ихэвчлэн нэг үл хөдлөх хөрөнгийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Оршин суух зориулалттай нийтийн болон амины орон сууц, орон сууцны хороолол, хотхоны хүрээнд ихэвчлэн талбайн менежер, хэрэв тэд орон сууцандаа амьдардаг бол талбайн байнгийн менежер /on-site manager/ эсвэл оршин суугчдийн менежер нэрээр хэрэглэгдэх нь бий. Харин оффисийн барилга, үл хөдлөх хөрөнгийн хувьд барилгын менежер, худалдааны объектын хувьд жижиглэн худалдааны менежер гэж хаяа нэрлэгддэг.

Талбайн менежер нь тухайн хөрөнгийг ашиглагч, оршин суугч болон хөрөнгийн менежерийн хооронд холбох үндсэн үүрэгтэй төдийгүй үйл ажиллагааны хэлбэрээс шалтгаалан бусад ажил, үүргийг хариуцаж болно. Тухайлбал:

  •  Барилга, хөрөнгийг зөв ашиглаж буй эсэх, түүний үндсэн тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, элэгдэлд тогтмол шалгалт хийх, шаардлагатай засвар үйлчилгээг төлөвлөх, хийлгэх, зөв хийж буй эсэхэд хяналт тавих
  • Хөрөнгийн үйл ажиллагааны техник, механик болон цахилгааны системийн бүрэн бүтэн байдал, ашиглалтыг хянах, хамгаалах
  •  Хөрөнгийн маркетинг хийх, түрээслэх үйл ажиллагаанд оролцох, сул байр, талбайг үзүүлэх, сонирхогчтой хэлцэл хийх, тохиролцох, түрээсийн гэрээг хэрэгжүүлэх
  • Оршин суугч, хэрэглэгчдээс ирсэн засвар үйлчилгээний хүсэлт, гомдолыг барагдуулах. Энэ шаардлагын дагуу харилцааны ур чадвар эзэмшсэн, олон төрлийн хүнтэй харилцах чадвартай байхыг ихэвчлэн гол болгон шаарддаг.
  • Түрээсийг хураах, хөрөнгөтэй холбоотой орлого, зарлагыг үнэн, зөв хөтлөх. Энэ нь цаашлаад хөрөнгийн менежерийн хийх санхүүгийн тайлан, шинжилгээ гаргах үндсэн үзүүлэлтүүд болдог.
  • Ихэвчлэн засвар үйлчилгээ хийж буй ажилтнууд, түрээсийн агентуудыг удирдах, мөн хөрөнгийн шинж чанар, үйл ажиллагаанаас шалтгаалаад төрөл бүрийн үйлчилгээний ажилтнуудыг удирдлагаар хангах шаардлагатай байдаг.

Хөрөнгийн менежер /Property manager/

Хөрөнгийн менежер гэх ойлголт нь нэг томоохон хөрөнгө, эсвэл хэд хэдэн хөрөнгөд яригддаг. Орон сууцны барилга, байгууламжийн хөрөнгийн менежерийн үүрэг нь ерөнхийдөө хэд хэдэн хөрөнгийг хариуцах, хяналт тавих байдаг бөгөөд тухайн барилгууд нь тус тусдаа талбайн менежертэй байх нь бий.

Худалдааны буюу арилжааны зориулалттай хөрөнгийн хувьд хөрөнгийн менежер нь нэг том барилга эсвэл хэд хэдэн барилга хариуцах боловч тус бүрт нь талбайн менежер байхгүй байж болно. Ийм тохиолдолд хөрөнгийн менежер нь бусад захирагааны болон туслах ажилтнуудын хамт өдөр тутмын үйл ажиллагаагаа хариуцан зохион байгуулдаг.

Хөрөнгийн менежер нь хөрөнгө эзэмшигч эсвэл эзэмшигчийн агент болон тухайн талбайд ажиллаж, амьдарч буй хүмүүсийн хоорондын гүүр болж өгдөг. Хөрөнгийн менежер нь дараах үндсэн үүрэгтэй. Үүнд: 
  • Тухайн хөрөнгийг хариуцан физик шинж чанарыг нь хамгаалах
  • Санхүүг нь сайн удирдан үр ашигтай байлгах 
  • Талбайн менежерүүдийн өдөр тутмын ажлын хяналт шалгалт 
  • Хөрөнгөд шаардлагатай бусад хүний нөөцийн асуудлыг зохицуулах, гэрээ хийх үүрэгтэй байдаг. 

Ерөнхийдөө, хөрөнгийн менежер нь тухайн хөрөнгийг хэрхэн үр ашигтай ашиглах бизнес төлөвлөгөө гаргаж, хөрөнгийн эзэн/ эзэмшигч түүнийг нь баталсан бол түүнийхээ дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Энэхүү төлөвлөгөө нь: 
  • тухайн байгууламжийг физик шинж чанарын хувьд хир хэмжээнд авч явах, 
  • санхүү, үйл ажиллагааны үүрэг, 
  • хэрэглэгчидтэй харицлах харилцаа, 
  • зах зээлд эзлэх байр суурь болон олон нийтэд ямар дүр төрх, имиджтэй байхыг тодорхой тусгасан байна.


Хөрөнгийн менежерийн хамгийн гол үүрэг бол хөрөнгийг харж хамгаалах болон түүний үнэ цэнийг нэмэгдүүлэх юм. Үүнийг хэмжих хэмжүүр нь: 
  • хөрөнгөөс олж буй нийт орлогын өсөлт, 
  • хамгийн тохиромжтой түрээсийн түвшин, 
  • хөрөнгөөс олох бусад орлого  
  • үйл ажиллагааны зардлын багасгаж чадсан байдал зэрэг болно. 

Thursday 19 May 2016

Үл хөдлөх хөрөнгийн салбарын ажил, мэргэжлүүд



Удахгүй “Мэргэжил бүхэн сайхан” арга хэмжээ болно гэж сонслоо. Тэгээд ер нь Монголд үл хөдлөх хөрөнгийн салбарт ямар, ямар ажлын байр, мэргэжлүүд байдаг талаар хүмүүс хир сайн мэддэг юм бол? Үл хөдлөх хөрөнгө гэхээр РЕАЛТОР гэсэн Монголоор утга нь шууд бууж өгөхгүй гадаад нэршилтэй, юу хийх нь ч ойлголмжгүй гэж бодоод сонгохоос ч зүрхшээдэг мэргэжил болсон юм биш биз. Эсвэл онцгой нэрэнд нь татагдаад сонгосон ч, ямар ур чадвар, мэдлэг мэргэшил шаарддаг, ажлын байранд яг юу хийдэг талаар ойлголт байхгүй байгаа юм биш биз гэсэн бодол төрлөө.
Ингээд энэхүү мэргэжлийг сонирхогчид болон ирээдүйн карьераа энэ салбартай холбох эхэстээ эрэгэлзэж буй оюутан залууст, Олон улсын үл хөдлөх хөрөнгийн институтын (IREM) танилцуулдаг үл хөдлөх хөрөнгийн салбарын ажил мэргэжлүүдийн товч тодорхойлолтыг цувралаар та бүхэндээ танилцуулъя гэж бодлоо.

Үл хөдлөх хөрөнгийн менежмент нь бодит үл хөдлөх хөрөнгийг удирдах болон мөнгөн хөрөнгийг удирдах урлагыг хослуулдаг. Энэ чиглэлийн карьерууд нь өөрийн ур чадварыг үнэн зөвөөр үнэлүүлэн, байгууллагадаа доривтой хувь нэмэр оруулж, өөрийн болон өрөөлийн амьдралд тодорхой нөлөө үзүүлж, утга учиртай ажиллахыг хүссэн хүнд ихээхэн тохирно.
Өнөөгийн үл хөдлөх хөрөнгийн менежер гэдэг бол нэг байшинг эзэмшээд, түрээсийн орлогоо хураадаг байсан тэр үеэс хамаагүй өөр болсон. Одоо үед наад захын оффисын барилга л гэхэд хэдэн зуун мянган ам.долларын өртөгтэй, тэдгээрийн менежерүүд нь тухайн хөрөнгийг удирдах гүйцэтгэх захирлын байр сууртай болсон байна. Түүгээр ч зогсохгүй тэд тухайн байшинд амдарч, цагаа өнгөрөөж буй хүмүүсийн амьдралын чанарт бодит, хүчтэй нөлөө үзүүлэх хүмүүс юм.

Иймээс ч, хэрэв та өчүүхэн зүйлд ч анхаарал тавьдаг, олон янзын хүмүүстэй харилцах чадвартай, техник технологийг сайн ашиглаж чаддаг, өөрийгөө сорьж, давж, дэвшиж ажиллах сонирхолтой, ийм боломж, нөхцөлийг эрэлхийлдэг бол энэ салбар таньд тохиромжтой байж болно.
Гэхдээ ямар ч мэргэжил сонгохын өмнө өөрөөсөө дараах 4 асуултыг заавал асуух хэрэгтэй.
  • Би энэ ажлын байранд яг юу хийх вэ?
  • Би карьертаа амжилт гаргахын тулд хэрхэн бэлтгэх вэ?
  • Хаанаас энэхүү ажлыг олж хийх вэ?
  • Үүгээр хир хэмжээний орлого олох боломжтой вэ?
Эдгээр асуултанд хэрхэн хариулж байгаагаас хамааран энэхүү салбарыг ирээдүйдээ сонгох эсэхээ шийдэх хэрэгтэй.

Би энэ ажлын байранд яг юу хийх вэ?

Үл хөдлөх хөрөнгийн менежмент нь АНУ-д 1930-аад оны их уналтын дараагаас ихээхэн эрэлт хэрэгцээтэй, үнэ цэнэтэй мэргэжилд тооцогдож ирсэн байна. Саяханы 2007-2009 оны санхүү, эдийн засгийн хямралаар мөн л энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг илүү сайн чадварлаг байх хэрэгтэйг сануулсан гэхэд болно. Монголын хувьд ч тэр зах зээл тэлэлтийн үед олон арван барилга, оффис барьчаад, одооноос эдийн засгийн уналттай холбоотойгоор энэ чиглэлийн мэргэжлийн мэдлэг, ур чадварт илүү анхаарал тавих болсон.

Үл хөдлөх хөрөнгийн менежер нь хөрөнгийг эзний зорилгод нийцүүлэн тухайн хөрөнгийн захиргааны, үйл ажиллагааны, маркетингийн, засвар үйлчилгээний болон санхүүгийн хяналт хийхийг шаарддаг. Энэ нь хөрөнгийг эзэмшигч болон түрээслэгч, оршин суугчидтай аль алинтай нь нягт хамран ажиллахыг менежерээс шаарддаг. Тэдний ажлын гүйцэтгэх үүрэг нь ажлын байр, байгууллага, компани болон ямар төрлийн үл хөдлөх хөрөнгийг удирдаж буйгаас хамаарч өөр өөр байдаг.

Үл хөдлөх хөрөнгийн менежмент бол их нарийн ур чадвар шаарддаг үйлчилгээний бизнес юм. Энэ нь менежрүүдээс үйл ажиллагаагаа илүү үр ашигтай болгох, орлогын урсгалыг өсгөх, хөрөнгийн ашиглалтыг хянах үүднээс хамгийн сүүлийн үеийн технологуудыг өргөнөөр ашиглахыг шаарддаг. Менежрүүд нь эзэнд санхүүгийн тайлан гаргаж өгөх, орчин суугч хүмүүс, хөрөнгөө хамгаалах зорилгоор аюултай нөхцөл байдал үүссэн нөхцөлд авах аюулгүйн арга хэмжээний заавар, дүрмийг боловсруулж, танилцуулан, хэрэгжүүлэх, өөрчлөгдөн хувьсаж буй эрх зүйн орчинг мэдэрч зохицох, шинэ хууль, журамтай хэрхэн зохицож ажиллахыг ойлгох төдийгүй хөрөнгөө хэрхэн байгаль орчинд ээлтэй, тогтвортой, зардал багатай байдлаар үйл ажиллагааг нь хөтлөх талаар сайн мэддэг байх хэрэгтэй байдаг.

Үл хөдлөх хөрөнгийн салбарт анхан шатны талбайн менежерээр эхлүүлээд, удирдах албан тушаал хүртэлх олон түвшиний ажил, мэргэжлүүд байдаг бөгөөд эдгээрийг дараах 5 төрөлд ерөнхийлөн ангилаж болно. Үүнд:
·         Талбайн менежер /Site manager/ 
·         Үл хөдлөх хөрөнгийн менежер / Property manager/
·         Бүсийн менежер /Regional manager/
·         Хөрөнгийн менежер /Asset manager/
·         Менежментийн компанийн удирдах албан тушаал /Management company executive/ 

Эдгээр ажлын байрны ажил үүрэг заримдаа давхцах, төстэй байх талууд байдаг бөгөөд тухайн удирдаж буй хөрөнгө, байгууллагааc хамааран өөр өөр байдаг.

Ерөнхийдөө үл хөдлөх хөрөнгийн менежер нь дараах 5 чиглэлд үүрэг хариуцлага хүлээн ажилладаг. Үүнд:

  •  Бодит хөрөнгийн менежмент – урсгал болон капитал засвар үйлчилгээ, шалгалт, үйл ажиллагаа, тогтвортой байдал
  • Хүний нөөцийн менежмент – хөрөнгийн үйл ажиллагааг дэмжих үйлчилгээ, засвар үйлчилгээ хийж буй хүмүүсийг удирдах, манлайлах
  • Санхүүгийн менежмент – төсөв гаргах, нягтлан бодох бүртгэл, санхүү болон хөрөнгө оруулалтын шинжилгээ, хөрвөх чадвар, санхүүжилт хийх
  • Маркетинг болон түрээс – маркетингийн төлөвлөгөө, стратеги, зар сурталчилгаа хийх, байр, талбайг түрээслэхэд бэлтгэх, хөрөнгийг үзүүлэх, харилцагчтай хэлэлцээ хийх, түрээсийг хураах
  • Эрх зүй болон эрсдэлийн менежмент – даатгал, аюултай нөхцөл байдалд аврах  ажиллагааны төлөвлөгөө гаргах, засгийн газрын дүрэм, журамын мэдлэг, гэрээ хэлцэл хийх зэрэг орно.
Ингээд цаашид тус ажлын байр тус бүрийн онцлог, гүйцэтгэх үүргийн талаарх мэдээллийг цувралаар оруулах болно.

Tuesday 17 May 2016

Сайн үл хөдлөх хөрөнгийн зуучлагч гэдгийг илтгэх 8 чанар


Хэрэв та ямар мэргэжлийн ур чадвартай хүнийг сайн үл хөдлөх хөрөнгийн зуучлагч, агент гэдгийг мэдэхгүй бол тийм хүнийг хайж олох амаргүй. Иймээс бид тус салбарын туршлагатай хүмүүсээс “ямар хүнийг төгс үл хөдлөх хөрөнгийн зуучлагч” гэх, тухайн хүн ямар чадвартай байх ёстой талаар тодруулсан юм. Ингээд мэрэгжилтнүүдийн тодорхойлсон “сайн үл хөдлөх хөрөнгийн агент”-ын хамгийн чухал 8 чадварыг жагсаалаа.

1. Тэд харилцаа сайтай байдаг.

Үл хөдлөх хөрөнгө худалдагч, худалдан авагч таны хувьд харилцааны ур чадвар сайтай хүнтэй харилцахгүй бол, хэцүү байх нь мэдээж. Үл хөдлөх хөрөнгийн салбар нь цаг хугацааны мэдрэмж өндөртэй салбар болохоор худалдан авах, зарах ажиллагааг зөв цагт нь, зөв байршилд хийх нь чухал байдаг.
Хөрөнгийн зуучлагч Жеан Гордон хэлэхдээ, “хэрэглэгчдийн хамгийн гол асуудал бол ҮХХ-ийн зуучлагчтай харилцах харилцаа байдаг. Иймээс хэрэглэгчидтэйгээ тогтмол харилцаа, холбоотой байх нь агентын хувьд хамгийн чухал юм. Туршлагатай анент нарт энэ нь байдаг л юм сануулаад байгаа мэт байж болох юм л даа, гэхдээ шинээр энэ салбарт орж байгаа бол үүнийг мэдэх нь чухал” гэсэн юм.

2. Тэд санаачлагатай.

Харкоурт Реал Эстате-ийн Бен Хатч, сайн ҮХХ-ын агент бол боломжит худалдан авагчтай утсаар ярих, одоогийн хэрэглэгчидтэйгээ тогтмол харилцаатай байх, шинэ санал, санаачлагад эерэгээр, санаачлагатай ханддаг байх ёстой гэв. Санаачлагатай байхын үндсэн түлхүүр нь хэрэглэгчийг сайн мэдээллээр хангах юм. Мөн тэрээр “Хэрэв хэрэглэгч тань өөрлүү чинь залгаж байгаа бол, та түүнд хангалттай мэдээлэл өгөхгүй байна гэсэн үг” гэв.

3. Тэд сонсдог.  

Их ярьж чаддаг байна гэдэг нь сайн агент гэсэн үг огтхон ч биш. Агенттайгаа уулзахад тань тэр ярьсаар байгаад, та сонссоор байгаад өнгөрч болохгүй. “Хэрэглэгч, үйлчлүүлэгчийн хувьд та өөрийн хэрэгцээ шаардлагыг сайн ярьж агентдаа зөв ойлгуулах ёстой тул, энэхүү уулзалтанд та их ярих ёстой. Харин сайн ҮХХ-ийн зуучлагч бол шаардлагатай бүх асуултуудыг танаас асууна.

4. Тэд хэрэглэгчээ эн тэргүүнд тавьдаг

Энгийнээр хэлэхэд, хэрэв хэрэглэгч/ харилцагч нь сайн гэрээ хийж чадах юм бол агент түүнийх нь төлөө баярладаг байх, өөрөөр хэлбэл тус зуучлагч компани таны хүсэл, сонирхолыг өөрсдийнхөөсөө дээгүүрт тавих ёстой. Туршлагатай зуучлагч нарын хэлж буйгаар, сайн агент гэдэг нь хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагыг нэн тэргүүнд тавьдаг. Байр худалдах, худалдан авах нь стресстэй ажил тул, агентын хувьд хэрэглэгч нь сэтгэл хангалуун, өөрт нь туслах та байгаа гэдгийг мэдрэх нь чухал.

5. Тэд хэрэглэгчийн шаардлагад зохицон өөрчлөгдөх чадвартай

ҮХХ-ын агентын хувьд хэрэглэгчээ ойлгох нь чухал юм. Зарих хэрэглэгчид и-мэйлээр харилцахын илүүд үздэг бол, зарим нь мессежээр, зарим нь утсаар ярих харилцааг илүүд үздэг. Иймээс агентын хувьд тухайн хэрэглэгч ямар байдлаар харилцахыг илүүд үзэхийг нь мэдэж, харилцах нь тэднийг таг чиг алга болчихлоо, эсвэл хэтэрхий их холбогдож дарамт үзүүлж буй мэт сэтгэгдэл авахаас сэргийлнэ.

6. Тэд хэрэглэгчийн цаг хугацааг сайн мэддэг

Цаг хугацаа гэдэг бол маш чухал. Сайн ҮХХ-ийн зуучлагч бол хэрэглэгч нь яаралтай байраа авах, зарах хэрэгтэй юу, эсвэл тодорхой хугацаанд тухайн асуудлыг тайван шийдэх сонирхолтой юу гэдгийг нь мэдэрч, тухайн нөхцөл байдалд нь тохирсон зөвлөгөө өгч, харилцах чадвартай байх ёстой.

7. Тэд хэрэглэгчийнхээ борлуулалт/ худалдан авалтын зорилгыг сайн ойлгодог

Алдартай сайн зуучлагч, өөрийн туршлагаасаа хуваалцахдаа, сайн зуучлагч дараах асуултыг хэрэглэгчээсээ болон өөрөөсөө асуудаг байх ёстой. Тухайлбал, зарах уу, худалдан авах уу, тухайн байрыг хөрөнгө оруулалт хийх зорилгоор авч байна уу, амьдрах зорилгоор худалдан авч байна уу, засвар хийх үү, нураах уу, хир удаан амьдрах төлөвлөгөөтэй зэрэг юм. Туршлагатай агент бол эдгээрийг бодолцон, хэрэглэгчид юу санал болгохоо мэддэг. Хөрөнгө оруулалт хийх зорилгоор гурав дахь байраа худалдан авч буй хүн болон гэр бүлээрээ амьдрах байр  хайж буй хүмүүс өөр өөр бөгөөд, сайн агент тэдгээрийг ойлгож, мэдэрч харилцаж чаддаг.

8. Тэд танд сүүлийн 20 хэрэглэгчийнхээ нэр, мэдээллийг өгөхөөс татгалздаггүй.

Жеан Гордон хэлэхдээ сайн зуучлагчийг мэдэх хамгийн сайн арга бол тэдний өмнөх хэрэглэгчдээс санал, сэтгэгдэлийг нь асуух юм. Тэгэхээр та сонгох гэж буй агентаасаа өөртэй нь харилцаж байсан сүүлийн 20 хэрэглэгчийн холбоо барих утсыг авч болох эсэхийг асуух хэрэгтэй. Сайн ҮХХ-ийн зуучлагчийн хувьд таныг ямар ч харилцагчтай нь холбоо барихад эерэг хандлагатай байна гэдэгт итгэлтэй байх ёстой.  


Wednesday 4 May 2016

Манай ТУЗ-ын дарга Д.Хандсүрэнгийн ярилцалга. Хадгалж авмаар санагдаад, энд орууллаа. 
ярилцлага
Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Саяхныг хүртэл монголчууд бид үл хөдлөх хөрөнгийн салбарыг зуучлал төдийхнөөр ойлгож, төсөөлдөг байлаа. Харин өнөөдөр үл хөдлөх хөрөнгийн зуучлал, менежмент, хөрөнгө оруулалтын зөвлөгөө, судалгаанаас өгсүүлээд олон талт ойлголт, төрөл, үйлчилгээ нэвтэрч, энэ салбар эрчимтэй хөгжиж байна. Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн салбар гадны улс орнуудын сонирхлыг татаад зогсохгүй үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дотоодын байгууллага, аж ахуй нэгжүүд ч дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ нэвтрүүлж байна. Энэ тухай “Mongolian Realty” ХХК-ийн захирал Д.Хандсүрэнтэй ярилцлаа.

-Манайд зуучлалын үйлчилгээ эрхэлдэг байгууллага цөөнгүй ч үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлыг цогц байдлаар шийдсэн нь ховор. Ер нь, зуучлалаас бусад үйлчилгээ нь харьцангуй шинэ ойлголтод тооцогдох байх?
-Манайхан үл хөдлөх хөрөнгийн салбар гэхээр барилгын салбартай андуурах нь их. Угтаа барилгын салбар бол үйлдвэрлэлийн салбар бөгөөд эл салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулж, үр өгөөжийг нь дээшлүүлэх, эрсдэлгүй, ашигтай байдлаар захиран зарцуулах болон борлуулахад чиглэсэн үйлчилгээг үл хөдлөх хөрөнгийн салбар хариуцдаг. Манайд сүүлийн 10 гаруй жил чамгүй бүтээн байгуулалт өрнөж, барилгын салбар асар богино хугацаанд маш эрчимтэй хөгжсөн. 
Үүнийг дагаад үл хөдлөх хөрөнгийн салбар ч төрөлжиж, зуучлал төдийгөөр хэмжигддэг байсан үйлчилгээ нь олон улсын жишигт тохирсон, цогц байдалд хүрлээ.
Өдгөө үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг, албан ёсны бүртгэлтэй 80 гаруй компани байдаг ч тогтвортой үйл ажиллагаа явуулдаг нь цөөн. Тэр дундаа цогц үйлчилгээ буюу үл хөдлөх хөрөнгийн бүх талын үйлчилгээ нэвтрүүлсэн нь гарын арван хуруунд багтана. Манай компанийн хувьд 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай бөгөөд 2007 оноос үл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлээр ажиллаж эхэлсэн. Улмаар 2010 оноос үл хөдлөх хөрөнгийн менежментийн үйлчилгээ нэвтрүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлж, үйлчилгээний төрөл тэр хэмжээгэр төрөлжиж эхэлсэн. Толгой компани маань барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг учир эхэн үедээ толгой компанийхаа хэрэгжүүлж буй төслүүд дээр ажиллаж, борлуулатыг нь хариуцдаг байлаа. Одоо үл хөдлөх хөрөнгө зуучлал, үл хөдлөх хөрөнгийн аялал, интерьер дизайн, тавилгажуулалт, шилжин суурьшихад туслах үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгийн менежмент, хөрөнгө оруулалтын зөвлөгөө гэхчлэн үндсэн зургаан чиглэлээр цогц үйлчилгээ үзүүлж байна. Одоо манай компани Улаанбаатар хотод байрлах 30 гаруй обьектийг үл хөдлөх хөрөнгийн менежмент талаас нь хариуцан ажилладаг.

-Дээрх үйлчилгээнүүдээ товч тайлбарлавал. Жишээ нь, шилжин суурьшихад туслах үйлчилгээ гэж чухам юуг хэлээд байгаа юм бэ?
-Монголд албан ажлаар, хэсэг хугацаанд амьдрахаар ирж буй гадны иргэд хэрхэн суурьших тухайд мэдээлэл муу байдаг. Тиймдээ ч шилжин суурьшихад туслах үйлчилгээ болон аюулгүй байдлын зөвлөгөө авах нь их. Ер нь, ямар ч хүн хаа явсан газраа аюулгүй байдлаа өөрөө л хангадаг шүү дээ. Мэдээж шинэ газар орон, ёс заншил, ард иргэдийн дунд орж ирсэн хүн биеэ хэрхэн авч явахаас авахуулаад тухайн үндэстэн, ястны онцлог, ёс заншил, өдөр тутмын амьдралын хэв маяг, ахуйн талаар товч ойлголттой байх ёстой юм. Бид Монголд суурьшихаар ирсэн үйлчлүүлэгчиддээ ирсэн даруйд нь танилцуулга хийж, эмнэлэг, сургуулиас өгсүүлээд нийгмийн үйлчилгээг ямар шугамаар авах, хүүхдүүдээ хаана сургаж болох гэхчлэн зөвлөгөө өгч, хууль, эрхзүйн талаас нь ч аюулгүй байдлаа хэрхэн хангах тухайд тусалдаг. Энэ чиглэлээр бид гадаадын энэ төрлийн үйлчилгээний байгууллагуудтай хамтран ажилладаг.

-Зуучлалын үйлчил­гээний хувьд манайд хам­гийн өргөн дэлгэр түгсэн нь шүү дээ. Гэвч иргэд өмч хөрөнгөө зуучлуулан борлуулахаас барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд борлуулалтаа өөрсдөө хариуцах нь их?
-Манайх барилгын компаниудтай холбогдож эдийн засгийн эргэлтэд оруулаагүй, сул зогсолт хийж буй барилга, обьектуудыг нь зуучлах тухайд үл хөдлөх хөрөнгийн олон давуу талын үйлчилгээ санал болгодог байсан. Тухайн үед барилгын салбар өсөлттэй байсныг хэлэх үү хүмүүс илүү зардал гаргах гээд байна гэж ойлгодог байсан ч одоо бол эдийн засаг хямралтай байгаа болохоор энэ төрлийн үйлчилгээг сонирхож, мэрэжлийн байгууллагуудын зөвөлгөөг илүү ойлгон хүлээн авдаг болжээ. Сая тодорхой байршлуудад орон сууцны ипотекийн зээлийн хүү 5 хувь болж буурлаа. Зээлийн хүү буурсан нь орон сууцны эрэлтийг нэмэгдүүлээд зогсохгүй нийлүүлэлт талаасаа илүүдэлтэй байгаа хөрөнгө хөдөлгөөнд орж эхэлж байна. Тэгхээр зах зээлд сонголт их болсонтой холбогдуулж хэрэглэгчид тухайн хөрөнгийн талаар бодит мэдээлэл хүргэх мөн хөрөнгө оруулалт нь ирээдүйд үнэ цэнээ хадгалах байршлуудыг сонгоход мэргэжлийн үйлчилгээг санал болгодог. 

-Танай компанийн давуу талыг сонирхвол?
-Хүмүүс хашаа байшингаас өгсүүлээд үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа зарын сайт, сонин, олон нийтийн сүлжээгээр мэдээлэл авах нь элбэг. Гэхдээ тэр бүх мэдээлэл нь хангалттай байж чаддаггүй. Тиймдээ ч сонирхсон обьектоо зайлшгүй биечлэн үзэх болдог. Таалагдсан нэгийнх нь үнэ санаанд нь нийцэхгүй, эсвэл зах зээлд нийцсэн, бодит үнэлгээ эсэх нь эргэлзээтэй байх нь их. Мэдээж хувь хүн өөрөө үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийгээд байхгүй. Энэ мэт яаралтай үл хөдлөх хөрөнгө худалдан авах хэрэгтэй болсон үед шийд гаргах хүнд байдаг. Энэ мэт давчуу цаг хугацаанд үл хөдлөх хөрөнгө худалдан авна гэдэг нэг талаас эрсдэлтэй алхам л даа. Манай компанийн хувьд харилцагч, үйлчлүүлэгчдээ хангалттай мэдээллээр хангахыг гол болгодог. Үйлчлүүлэгчийнхээ цаг, хөрөнгө мөнгийг хэмнэх үүднээс www.mongolianrealty.com сайт ажиллуулахаас гадна “Android”, “iOS” үйлдлийн системд суурилсан “mongolianrealty” гэх аппликейшн хийж хэрэглээнд нэвтрүүлсэн. Гар утаснаасаа үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бүх л үйлчилгээ, мэдээллийг авах боломжтой болсон нь хамгийн том давуу тал юм.
Цаашлаад үл хөдлөх хөрөнгийн менежментийн үйлчилгээ санал болгож эхэлтэл боловсон хүчний асуудал яригдах болсон л доо. Улмаар манай компани дэргэдээ охин компани байгуулж, Америкийн үл хөдлөх хөрөнгийн институтээс үл хөдлөх хөрөнгийн менежер бэлтгэх анхан шатны сургалтыг лицензтэйгээр оруулж ирсэн юм. Үүгээрээ ажилтнуудаа бэлтгэхийн сацуу энэ төрлийн үйлчилгээ эрхэлж байгаа, эрхлэхээр төлөвлөж буй байгууллагуудад сургалт хийж, мэргэжилтэн боловсон хүчнээр хангаж байна. Би өөрөө ч энэ чиглэлээр багшилдаг.
Жишээ нь, Үл хөдлөх хөрөнгийн худалдаа өндөрхөгжсөн орнуудын туршлагаас харвал “realtоr” буюу үл хөдлөх хөрөнгийн борлуулагч, “property manаger” буюу үндсэн хөрөнгийн менежер гэх ажил мэргэжлийн хүмүүс зах зээлийн шаардлагаа дагаад олширсон.  Үл хөдлөх хөрөнгийн борлуулагч мэргэжилтэн гэдэг нь хууль эрх зүйн болон зах зээлийн мэдлэгтэй тусгай сургалтаар шалгарсан бөгөөд тухайн орон нутгын хуулийг сайн мэддэг, ажиллаж буй салбарынхаа ёс зүйн хэм хэмжээнд захирагддаг бэлтгэгдсэн хүмүүс байдаг. Харин үндсэн хөрөнгийн менежер гэдэг нь тухайн обьекттой холбоотой бүх л асуудлыг хариуцдаг нэг ёсондоо тухайн хөрөнгийг эзнийх нь өмнөөс үр ашигтай, ариг гамтайгаар ашигладаг мэргэжилтэн юм. Ийм л мэргэжилтнүүдийг бэлтгэж, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сертификат олгох сургалт явуулж байна. Хамтран ажиллаж буй институт маань АНУ-ын Чикаго хотноо төвтэй, сүүлийн 80 гаруй жил үл хөдлөх хөрөнгийн салбарт боловсон хүчин бэлтгэж байгаа мэргэжлийн сургалтын байгууллага. Товчхондоо, салбартаа тэргүүлэгч, энэ чиглэлийн сургалтын арга барилыг тодорхойлжбуй дэлхийн 120 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг байгууллага.

-Та бүхний зуучилж, худалдан борлуулж буй барилга, обьектууд дээр дурдсан шилжин суурьших хүсэлтэй гадны иргэдийн хүсэл сонирхолд хэр нийцтэй байдаг вэ. Товчхондоо, манай барилгын салбарт мөрдөж буй стандарт үл хөдлөх хөрөнгийн салбартай хэр уялдаатай байна?
-Манайд энэ талын ойлголт дөнгөж бүрэлдэж эхэлж байна. Тиймдээ ч нарийн уялдаатай байж чадахгүй байгаа нь үнэн. Зочид буудал ч юм уу эмнэлгийн барилга хүртэл үл хөдлөх хөрөнгө шүү дээ. Ер нь, үл хөдлөх хөрөнгийн 6-8 нэр төрөл байдаг л даа. Угтаа нийгмийн үйлчилгээний зориулалттай, төрийн өмчийн барилга байсан ч үл хөдлөх хөрөнгийн зөв менежмент шаардлагатай байдаг. Манайд сүүлд баригдсан ганц нэг зочид буудлыг эс тооцвол жуулчид, гадны иргэдийн шаардлагад нийцдэг нь цөөн шүү. Наанадаж л агааржуулалт, галын аюулгүй байдал хангах системгүй байх жишээтэй. Мэдээж энэ мэт анхан шатны шаардлага шалгуурт нийцээгүй нь үйлчлүүлэгчээ алдана. Нийгэм, цаг үеэ дагаад орчин үеийн хүмүүс аюулгүй байдалдаа маш их анхаардаг болж. Энэ мэт стандартууд орон сууцны хувьд ч их яригддаг. Угтаа манайхан цаанаас тавигддаг бүх л шаардлага шалгуурт нийцүүлж барилгаа барьж байгаа ч яг орчин үеийн гэгдэх тэр шаардлагад нийцсэн нь цөөн. Сүүлийн үед барилга, үл хөдлөх хөрөнгийн салбар технологийн хөгжилтэй маш нарийн уялдаатай болж. “Smart” буюу ухаалаг хэмээн тодотгосон систем, технологи бүх л салбарт нэвтэрч байна. Энэ бүхэн үл хөдлөх хөрөнгө болоод үйлчилгээний салбарт давуу тал болдог. Гадны харилцагчдын хувьд үнэ ханшаас илүү тухайн обьектийн давуу тал, эрсдэлийн үнэлгээг илүү анхаардаг. Таны обьект хажуу хавиргандаа байгаа үл хөдлөх хөрөнгөөс давуу байж чадвал зах зээлд хөрвөх чадвар нь өсч, үнэ цэнээ олдог. Манайд орхигдоод байдаг үл хөдлөх хөрөнгийн бас нэг асуудал нь менежмент. Орон сууцны барилгаар жишээ авбал СӨХ нь үл хөдлөх хөрөнгийн анхан шатны менежмент хариуцсан байгууллага юм. Гэтэл тухайн обьекттой холбоотой засвар үйлчилгээнээс аваад бүхий л ажлыг хариуцдаг мөнөөх байгууллагыг барилга, үл хөдлөх хөрөнгийн тухай анхан шатны ойлголтгүй хүмүүс эрхлэн ажиллуулж байна. Угтаа тухайн обьектод хөрөнгө оруулж, худалдан авсан хүмүүс СӨХ-ны мөнгө тогтмолтөлдөг ч СӨХ нь хариуцсан обьектынхоо засвар үйлчилгээ, ашиглалт, орчин нөхцөл, насжилт зэрэгт тэр бүр анхаардаггүй. Гэтэл тэр байранд амьдардаг айл байраа зарахаар болтолорчин нөхцөл, үйлчилгээнээс аваад үнэ нь унах тохиолдол гардаг.Энэ мэт СӨХ-ны үйл ажиллагаанаас шууд хамаардаг сөрөг үр дагавар их.

-Манайх шиг хүн амын бөөгнөрөл ихтэй, харьцангуй цөөн хот сууринтайоронд үл хөдлөх хөрөнгийн зах зээл хумигдмал биш үү?
-Олж харж л чадвал энэ бол маш том зах зээл. Манай улс хөгжиж буй орнуудын тоонд орж байна. Барилгын салбарын хөгжил жигд биш ч гэсэн байнгын өсөлттэй байгаа нь эерэг үзүүлэлт юм. Хүн амын дийлэнх нь гэр хороололд амьдардаг. Мөн гадны бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид барилга, уул уурхай, үл хөдлөх хөрөнгө, хөдөө аж ахуй, банк санхүүгийн байгууллагад хөрөнгө оруулалт хийх сонирхол ихтэй байдаг. Ер нь, Монгол Улс дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Тиймдээ ч бидэнд зах зээл бий гэж харж байгаа хэрэг. Жишээ нь, гадны ганц нэг компани манайд энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Мэдээж олон улсад салбартай, өрсөлдөх чадвар өндөр компаниуд манайд үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр ажиллаж байгаа нь зах зээл байгааг харуулаад зогсохгүй дотоодын компаниуд дэлхийн жишигт нийцсэн үйчилгээний стандартаас суралцах, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхэд өдөөлт болж байна.

-Барилгыг материал үйлдвэрлэл хөгжөөгүй болохоор ам.метр талбайн өртөг өндөр, иргэдийн худалдан авах чадвар муу гээд хэд хэдэн шалтгааны улмаас барилгын салбарт илүүдэл үүссэн гэж үздэг. Тиймдээ ч төр барьсан барилгаа түрээслэх хэлбэрээр цоо шинэ менежмент хийж байна. Гэтэл хувийн хэвшлийнхний зогсонги байдалд орсон барилга, обьектууд банкны зээлээр л олгогдож байна шүү дээ. Хувийн хэвшилд түрээсийн үйлчилгээ нэвт­рүүлэх тухайд менеж­мент талаасаа хэр боломжтой зүйл вэ?
-Энэ тухай яривал үл хөдлөх хөрөнгийн илүүдэл хөрөнгийг менежердэх асуудал урган гардаг. Гэхдээ энэ асуудалд тухайн үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулагчийн сонирхол давамгайлдаг талтай. Хувийн хөрөнгөөр баригдсан орон сууцыг түрээсийн болгоё, байнгын эргэлтэд оруулъя гэхээр заавал банктай холбоотой ажиллах болдог. Гэтэл банкны хүү өндөр, дээр нь үйл ажиллагааны зардал ч өндөр тусдаг. Улмаар оруулсан хөрөнгө оруулалтаа маш урт хугацаанд нөхөх болдог. Барилга барьсан компани энэ эрсдэлийг дангаар үүрэх ямар ч боломжгүй учир банктай хамааралтай байхаас өөр аргагүй. Угтаа гадны орнуудад үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын сан гэж байдаг. Энэ байгууллага ижил төрлийн үл хөдлөх хөрөнгүүдэд хөрөнгө оруулалт хийж, урт хугацаагаар түрээслэдэг. Ийм хэлбэрт шилжсэнээр зах зээлд үүссэн илүүдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах баталгаа гаргаж өгдгөөрөө онцлогтой.
Манай компани санаачлан Ази, номхон далайн үл хөдлөх хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад дотоодын найман компаниа авч явж зах зээлийн судалгаа хийлгэсэн юм. Улмаар эх орондоо үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын сан байгуулах боломж байна уу гэдгийг тандаж, дүгнэсэн. Эхний ээлжинд гадны хөрөнгө оруулалтын санг эх орондоо оруулж ирэх боломжтой ч манайд тийм хууль, эрхзүйн орчин бүрдээгүй байна. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль нь түүхий байна. Манай томоохон хэдэн компани энэ тухай хэдэн жилийн өмнөөс судалж эхэлсэн ч хууль, эрхзүйн орчин бүрдээгүй учир тэгсгээд больсон байдаг. Нэг үгээр энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахад эрсдэлээс хамгаалах тогтолцоогүй байгаа хэрэг.
Эх сурвалж: www.assa.mn

Tuesday 3 May 2016


Үл хөдлөх хөрөнгийн менежментийн (REMM®) төв нь Монголын анхны олон улсын стандарт сургалттай үл хөдлөх хөрөнгийн менежер бэлтгэх сургалтын төв юм. Бид олон улсад Монголоос хөрөнгийн менежер бэлтгэх жишиг сургалтыг дэлхийн үл хөдлөх хөрөнгийн холбооны мэргэшүүлэх төвийн сургалтын стандартаар явуулах бөгөөд энэ чиглэлд мэргэшсэн, чадварлаг хүний нөөцийг бэлтгэн таны хөрөнгийн үнэ цэнэ хөрөнгө оруулалтын өгөөжийг хамгийн дээд түвшинд удирдахад туслана. 

Манай төв нь олон улсад хөрөнгийн менежер болон тэдгээрийг бэлтгэх жишиг сурагалтыг 80 жилийн туршид явуулж байгаа, дэлхийн 115 оронд салбартай, 19,000 гаруй гишүүд байгууллагатай Үл хөдлөх хөрөнгийн менежментийн төв IREM (Institute of Real Estate Management)-ийн боловсруулан баталсан хөтөлбөрийн дагуу хичээлээ явуулах болно. 

РЭMM төв нь үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бүхий л төрлийн мэргэжилтнүүдийг бэлтгэх мэргэшсэн, Монголдоо анхны сургалтын төв бөгөөд олон улсын жишигт нийцсэн сургалтын хөтөлбөртэй, төгсөгчид нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэжлийн сертификат эзэмших давуу талтай юм. 

РЭMM төв нь үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бүхий л төрлийн мэргэжилтнүүдийг бэлтгэх мэргэшсэн, Монголдоо анхны сургалтын төв бөгөөд олон улсын жишигт нийцсэн сургалтын хөтөлбөртэй, төгсөгчид нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэжлийн сертификат эзэмших давуу талтай юм.