Tuesday, 17 May 2016

Сайн үл хөдлөх хөрөнгийн зуучлагч гэдгийг илтгэх 8 чанар


Хэрэв та ямар мэргэжлийн ур чадвартай хүнийг сайн үл хөдлөх хөрөнгийн зуучлагч, агент гэдгийг мэдэхгүй бол тийм хүнийг хайж олох амаргүй. Иймээс бид тус салбарын туршлагатай хүмүүсээс “ямар хүнийг төгс үл хөдлөх хөрөнгийн зуучлагч” гэх, тухайн хүн ямар чадвартай байх ёстой талаар тодруулсан юм. Ингээд мэрэгжилтнүүдийн тодорхойлсон “сайн үл хөдлөх хөрөнгийн агент”-ын хамгийн чухал 8 чадварыг жагсаалаа.

1. Тэд харилцаа сайтай байдаг.

Үл хөдлөх хөрөнгө худалдагч, худалдан авагч таны хувьд харилцааны ур чадвар сайтай хүнтэй харилцахгүй бол, хэцүү байх нь мэдээж. Үл хөдлөх хөрөнгийн салбар нь цаг хугацааны мэдрэмж өндөртэй салбар болохоор худалдан авах, зарах ажиллагааг зөв цагт нь, зөв байршилд хийх нь чухал байдаг.
Хөрөнгийн зуучлагч Жеан Гордон хэлэхдээ, “хэрэглэгчдийн хамгийн гол асуудал бол ҮХХ-ийн зуучлагчтай харилцах харилцаа байдаг. Иймээс хэрэглэгчидтэйгээ тогтмол харилцаа, холбоотой байх нь агентын хувьд хамгийн чухал юм. Туршлагатай анент нарт энэ нь байдаг л юм сануулаад байгаа мэт байж болох юм л даа, гэхдээ шинээр энэ салбарт орж байгаа бол үүнийг мэдэх нь чухал” гэсэн юм.

2. Тэд санаачлагатай.

Харкоурт Реал Эстате-ийн Бен Хатч, сайн ҮХХ-ын агент бол боломжит худалдан авагчтай утсаар ярих, одоогийн хэрэглэгчидтэйгээ тогтмол харилцаатай байх, шинэ санал, санаачлагад эерэгээр, санаачлагатай ханддаг байх ёстой гэв. Санаачлагатай байхын үндсэн түлхүүр нь хэрэглэгчийг сайн мэдээллээр хангах юм. Мөн тэрээр “Хэрэв хэрэглэгч тань өөрлүү чинь залгаж байгаа бол, та түүнд хангалттай мэдээлэл өгөхгүй байна гэсэн үг” гэв.

3. Тэд сонсдог.  

Их ярьж чаддаг байна гэдэг нь сайн агент гэсэн үг огтхон ч биш. Агенттайгаа уулзахад тань тэр ярьсаар байгаад, та сонссоор байгаад өнгөрч болохгүй. “Хэрэглэгч, үйлчлүүлэгчийн хувьд та өөрийн хэрэгцээ шаардлагыг сайн ярьж агентдаа зөв ойлгуулах ёстой тул, энэхүү уулзалтанд та их ярих ёстой. Харин сайн ҮХХ-ийн зуучлагч бол шаардлагатай бүх асуултуудыг танаас асууна.

4. Тэд хэрэглэгчээ эн тэргүүнд тавьдаг

Энгийнээр хэлэхэд, хэрэв хэрэглэгч/ харилцагч нь сайн гэрээ хийж чадах юм бол агент түүнийх нь төлөө баярладаг байх, өөрөөр хэлбэл тус зуучлагч компани таны хүсэл, сонирхолыг өөрсдийнхөөсөө дээгүүрт тавих ёстой. Туршлагатай зуучлагч нарын хэлж буйгаар, сайн агент гэдэг нь хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагыг нэн тэргүүнд тавьдаг. Байр худалдах, худалдан авах нь стресстэй ажил тул, агентын хувьд хэрэглэгч нь сэтгэл хангалуун, өөрт нь туслах та байгаа гэдгийг мэдрэх нь чухал.

5. Тэд хэрэглэгчийн шаардлагад зохицон өөрчлөгдөх чадвартай

ҮХХ-ын агентын хувьд хэрэглэгчээ ойлгох нь чухал юм. Зарих хэрэглэгчид и-мэйлээр харилцахын илүүд үздэг бол, зарим нь мессежээр, зарим нь утсаар ярих харилцааг илүүд үздэг. Иймээс агентын хувьд тухайн хэрэглэгч ямар байдлаар харилцахыг илүүд үзэхийг нь мэдэж, харилцах нь тэднийг таг чиг алга болчихлоо, эсвэл хэтэрхий их холбогдож дарамт үзүүлж буй мэт сэтгэгдэл авахаас сэргийлнэ.

6. Тэд хэрэглэгчийн цаг хугацааг сайн мэддэг

Цаг хугацаа гэдэг бол маш чухал. Сайн ҮХХ-ийн зуучлагч бол хэрэглэгч нь яаралтай байраа авах, зарах хэрэгтэй юу, эсвэл тодорхой хугацаанд тухайн асуудлыг тайван шийдэх сонирхолтой юу гэдгийг нь мэдэрч, тухайн нөхцөл байдалд нь тохирсон зөвлөгөө өгч, харилцах чадвартай байх ёстой.

7. Тэд хэрэглэгчийнхээ борлуулалт/ худалдан авалтын зорилгыг сайн ойлгодог

Алдартай сайн зуучлагч, өөрийн туршлагаасаа хуваалцахдаа, сайн зуучлагч дараах асуултыг хэрэглэгчээсээ болон өөрөөсөө асуудаг байх ёстой. Тухайлбал, зарах уу, худалдан авах уу, тухайн байрыг хөрөнгө оруулалт хийх зорилгоор авч байна уу, амьдрах зорилгоор худалдан авч байна уу, засвар хийх үү, нураах уу, хир удаан амьдрах төлөвлөгөөтэй зэрэг юм. Туршлагатай агент бол эдгээрийг бодолцон, хэрэглэгчид юу санал болгохоо мэддэг. Хөрөнгө оруулалт хийх зорилгоор гурав дахь байраа худалдан авч буй хүн болон гэр бүлээрээ амьдрах байр  хайж буй хүмүүс өөр өөр бөгөөд, сайн агент тэдгээрийг ойлгож, мэдэрч харилцаж чаддаг.

8. Тэд танд сүүлийн 20 хэрэглэгчийнхээ нэр, мэдээллийг өгөхөөс татгалздаггүй.

Жеан Гордон хэлэхдээ сайн зуучлагчийг мэдэх хамгийн сайн арга бол тэдний өмнөх хэрэглэгчдээс санал, сэтгэгдэлийг нь асуух юм. Тэгэхээр та сонгох гэж буй агентаасаа өөртэй нь харилцаж байсан сүүлийн 20 хэрэглэгчийн холбоо барих утсыг авч болох эсэхийг асуух хэрэгтэй. Сайн ҮХХ-ийн зуучлагчийн хувьд таныг ямар ч харилцагчтай нь холбоо барихад эерэг хандлагатай байна гэдэгт итгэлтэй байх ёстой.  


No comments:

Post a Comment