Tuesday 24 May 2016

Өмнөх бичлэгийн үргэлжлэл болгон дараах хоёр ажлын байрны хийх ажил үүргийн онцлогийг оруулж байна.

Талбайн менежер /Site manager/

Талбайн менежер нь ихэвчлэн нэг үл хөдлөх хөрөнгийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Оршин суух зориулалттай нийтийн болон амины орон сууц, орон сууцны хороолол, хотхоны хүрээнд ихэвчлэн талбайн менежер, хэрэв тэд орон сууцандаа амьдардаг бол талбайн байнгийн менежер /on-site manager/ эсвэл оршин суугчдийн менежер нэрээр хэрэглэгдэх нь бий. Харин оффисийн барилга, үл хөдлөх хөрөнгийн хувьд барилгын менежер, худалдааны объектын хувьд жижиглэн худалдааны менежер гэж хаяа нэрлэгддэг.

Талбайн менежер нь тухайн хөрөнгийг ашиглагч, оршин суугч болон хөрөнгийн менежерийн хооронд холбох үндсэн үүрэгтэй төдийгүй үйл ажиллагааны хэлбэрээс шалтгаалан бусад ажил, үүргийг хариуцаж болно. Тухайлбал:

  •  Барилга, хөрөнгийг зөв ашиглаж буй эсэх, түүний үндсэн тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, элэгдэлд тогтмол шалгалт хийх, шаардлагатай засвар үйлчилгээг төлөвлөх, хийлгэх, зөв хийж буй эсэхэд хяналт тавих
  • Хөрөнгийн үйл ажиллагааны техник, механик болон цахилгааны системийн бүрэн бүтэн байдал, ашиглалтыг хянах, хамгаалах
  •  Хөрөнгийн маркетинг хийх, түрээслэх үйл ажиллагаанд оролцох, сул байр, талбайг үзүүлэх, сонирхогчтой хэлцэл хийх, тохиролцох, түрээсийн гэрээг хэрэгжүүлэх
  • Оршин суугч, хэрэглэгчдээс ирсэн засвар үйлчилгээний хүсэлт, гомдолыг барагдуулах. Энэ шаардлагын дагуу харилцааны ур чадвар эзэмшсэн, олон төрлийн хүнтэй харилцах чадвартай байхыг ихэвчлэн гол болгон шаарддаг.
  • Түрээсийг хураах, хөрөнгөтэй холбоотой орлого, зарлагыг үнэн, зөв хөтлөх. Энэ нь цаашлаад хөрөнгийн менежерийн хийх санхүүгийн тайлан, шинжилгээ гаргах үндсэн үзүүлэлтүүд болдог.
  • Ихэвчлэн засвар үйлчилгээ хийж буй ажилтнууд, түрээсийн агентуудыг удирдах, мөн хөрөнгийн шинж чанар, үйл ажиллагаанаас шалтгаалаад төрөл бүрийн үйлчилгээний ажилтнуудыг удирдлагаар хангах шаардлагатай байдаг.

Хөрөнгийн менежер /Property manager/

Хөрөнгийн менежер гэх ойлголт нь нэг томоохон хөрөнгө, эсвэл хэд хэдэн хөрөнгөд яригддаг. Орон сууцны барилга, байгууламжийн хөрөнгийн менежерийн үүрэг нь ерөнхийдөө хэд хэдэн хөрөнгийг хариуцах, хяналт тавих байдаг бөгөөд тухайн барилгууд нь тус тусдаа талбайн менежертэй байх нь бий.

Худалдааны буюу арилжааны зориулалттай хөрөнгийн хувьд хөрөнгийн менежер нь нэг том барилга эсвэл хэд хэдэн барилга хариуцах боловч тус бүрт нь талбайн менежер байхгүй байж болно. Ийм тохиолдолд хөрөнгийн менежер нь бусад захирагааны болон туслах ажилтнуудын хамт өдөр тутмын үйл ажиллагаагаа хариуцан зохион байгуулдаг.

Хөрөнгийн менежер нь хөрөнгө эзэмшигч эсвэл эзэмшигчийн агент болон тухайн талбайд ажиллаж, амьдарч буй хүмүүсийн хоорондын гүүр болж өгдөг. Хөрөнгийн менежер нь дараах үндсэн үүрэгтэй. Үүнд: 
  • Тухайн хөрөнгийг хариуцан физик шинж чанарыг нь хамгаалах
  • Санхүүг нь сайн удирдан үр ашигтай байлгах 
  • Талбайн менежерүүдийн өдөр тутмын ажлын хяналт шалгалт 
  • Хөрөнгөд шаардлагатай бусад хүний нөөцийн асуудлыг зохицуулах, гэрээ хийх үүрэгтэй байдаг. 

Ерөнхийдөө, хөрөнгийн менежер нь тухайн хөрөнгийг хэрхэн үр ашигтай ашиглах бизнес төлөвлөгөө гаргаж, хөрөнгийн эзэн/ эзэмшигч түүнийг нь баталсан бол түүнийхээ дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Энэхүү төлөвлөгөө нь: 
  • тухайн байгууламжийг физик шинж чанарын хувьд хир хэмжээнд авч явах, 
  • санхүү, үйл ажиллагааны үүрэг, 
  • хэрэглэгчидтэй харицлах харилцаа, 
  • зах зээлд эзлэх байр суурь болон олон нийтэд ямар дүр төрх, имиджтэй байхыг тодорхой тусгасан байна.


Хөрөнгийн менежерийн хамгийн гол үүрэг бол хөрөнгийг харж хамгаалах болон түүний үнэ цэнийг нэмэгдүүлэх юм. Үүнийг хэмжих хэмжүүр нь: 
  • хөрөнгөөс олж буй нийт орлогын өсөлт, 
  • хамгийн тохиромжтой түрээсийн түвшин, 
  • хөрөнгөөс олох бусад орлого  
  • үйл ажиллагааны зардлын багасгаж чадсан байдал зэрэг болно. 

No comments:

Post a Comment