Thursday 19 May 2016

Үл хөдлөх хөрөнгийн салбарын ажил, мэргэжлүүд



Удахгүй “Мэргэжил бүхэн сайхан” арга хэмжээ болно гэж сонслоо. Тэгээд ер нь Монголд үл хөдлөх хөрөнгийн салбарт ямар, ямар ажлын байр, мэргэжлүүд байдаг талаар хүмүүс хир сайн мэддэг юм бол? Үл хөдлөх хөрөнгө гэхээр РЕАЛТОР гэсэн Монголоор утга нь шууд бууж өгөхгүй гадаад нэршилтэй, юу хийх нь ч ойлголмжгүй гэж бодоод сонгохоос ч зүрхшээдэг мэргэжил болсон юм биш биз. Эсвэл онцгой нэрэнд нь татагдаад сонгосон ч, ямар ур чадвар, мэдлэг мэргэшил шаарддаг, ажлын байранд яг юу хийдэг талаар ойлголт байхгүй байгаа юм биш биз гэсэн бодол төрлөө.
Ингээд энэхүү мэргэжлийг сонирхогчид болон ирээдүйн карьераа энэ салбартай холбох эхэстээ эрэгэлзэж буй оюутан залууст, Олон улсын үл хөдлөх хөрөнгийн институтын (IREM) танилцуулдаг үл хөдлөх хөрөнгийн салбарын ажил мэргэжлүүдийн товч тодорхойлолтыг цувралаар та бүхэндээ танилцуулъя гэж бодлоо.

Үл хөдлөх хөрөнгийн менежмент нь бодит үл хөдлөх хөрөнгийг удирдах болон мөнгөн хөрөнгийг удирдах урлагыг хослуулдаг. Энэ чиглэлийн карьерууд нь өөрийн ур чадварыг үнэн зөвөөр үнэлүүлэн, байгууллагадаа доривтой хувь нэмэр оруулж, өөрийн болон өрөөлийн амьдралд тодорхой нөлөө үзүүлж, утга учиртай ажиллахыг хүссэн хүнд ихээхэн тохирно.
Өнөөгийн үл хөдлөх хөрөнгийн менежер гэдэг бол нэг байшинг эзэмшээд, түрээсийн орлогоо хураадаг байсан тэр үеэс хамаагүй өөр болсон. Одоо үед наад захын оффисын барилга л гэхэд хэдэн зуун мянган ам.долларын өртөгтэй, тэдгээрийн менежерүүд нь тухайн хөрөнгийг удирдах гүйцэтгэх захирлын байр сууртай болсон байна. Түүгээр ч зогсохгүй тэд тухайн байшинд амдарч, цагаа өнгөрөөж буй хүмүүсийн амьдралын чанарт бодит, хүчтэй нөлөө үзүүлэх хүмүүс юм.

Иймээс ч, хэрэв та өчүүхэн зүйлд ч анхаарал тавьдаг, олон янзын хүмүүстэй харилцах чадвартай, техник технологийг сайн ашиглаж чаддаг, өөрийгөө сорьж, давж, дэвшиж ажиллах сонирхолтой, ийм боломж, нөхцөлийг эрэлхийлдэг бол энэ салбар таньд тохиромжтой байж болно.
Гэхдээ ямар ч мэргэжил сонгохын өмнө өөрөөсөө дараах 4 асуултыг заавал асуух хэрэгтэй.
  • Би энэ ажлын байранд яг юу хийх вэ?
  • Би карьертаа амжилт гаргахын тулд хэрхэн бэлтгэх вэ?
  • Хаанаас энэхүү ажлыг олж хийх вэ?
  • Үүгээр хир хэмжээний орлого олох боломжтой вэ?
Эдгээр асуултанд хэрхэн хариулж байгаагаас хамааран энэхүү салбарыг ирээдүйдээ сонгох эсэхээ шийдэх хэрэгтэй.

Би энэ ажлын байранд яг юу хийх вэ?

Үл хөдлөх хөрөнгийн менежмент нь АНУ-д 1930-аад оны их уналтын дараагаас ихээхэн эрэлт хэрэгцээтэй, үнэ цэнэтэй мэргэжилд тооцогдож ирсэн байна. Саяханы 2007-2009 оны санхүү, эдийн засгийн хямралаар мөн л энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг илүү сайн чадварлаг байх хэрэгтэйг сануулсан гэхэд болно. Монголын хувьд ч тэр зах зээл тэлэлтийн үед олон арван барилга, оффис барьчаад, одооноос эдийн засгийн уналттай холбоотойгоор энэ чиглэлийн мэргэжлийн мэдлэг, ур чадварт илүү анхаарал тавих болсон.

Үл хөдлөх хөрөнгийн менежер нь хөрөнгийг эзний зорилгод нийцүүлэн тухайн хөрөнгийн захиргааны, үйл ажиллагааны, маркетингийн, засвар үйлчилгээний болон санхүүгийн хяналт хийхийг шаарддаг. Энэ нь хөрөнгийг эзэмшигч болон түрээслэгч, оршин суугчидтай аль алинтай нь нягт хамран ажиллахыг менежерээс шаарддаг. Тэдний ажлын гүйцэтгэх үүрэг нь ажлын байр, байгууллага, компани болон ямар төрлийн үл хөдлөх хөрөнгийг удирдаж буйгаас хамаарч өөр өөр байдаг.

Үл хөдлөх хөрөнгийн менежмент бол их нарийн ур чадвар шаарддаг үйлчилгээний бизнес юм. Энэ нь менежрүүдээс үйл ажиллагаагаа илүү үр ашигтай болгох, орлогын урсгалыг өсгөх, хөрөнгийн ашиглалтыг хянах үүднээс хамгийн сүүлийн үеийн технологуудыг өргөнөөр ашиглахыг шаарддаг. Менежрүүд нь эзэнд санхүүгийн тайлан гаргаж өгөх, орчин суугч хүмүүс, хөрөнгөө хамгаалах зорилгоор аюултай нөхцөл байдал үүссэн нөхцөлд авах аюулгүйн арга хэмжээний заавар, дүрмийг боловсруулж, танилцуулан, хэрэгжүүлэх, өөрчлөгдөн хувьсаж буй эрх зүйн орчинг мэдэрч зохицох, шинэ хууль, журамтай хэрхэн зохицож ажиллахыг ойлгох төдийгүй хөрөнгөө хэрхэн байгаль орчинд ээлтэй, тогтвортой, зардал багатай байдлаар үйл ажиллагааг нь хөтлөх талаар сайн мэддэг байх хэрэгтэй байдаг.

Үл хөдлөх хөрөнгийн салбарт анхан шатны талбайн менежерээр эхлүүлээд, удирдах албан тушаал хүртэлх олон түвшиний ажил, мэргэжлүүд байдаг бөгөөд эдгээрийг дараах 5 төрөлд ерөнхийлөн ангилаж болно. Үүнд:
·         Талбайн менежер /Site manager/ 
·         Үл хөдлөх хөрөнгийн менежер / Property manager/
·         Бүсийн менежер /Regional manager/
·         Хөрөнгийн менежер /Asset manager/
·         Менежментийн компанийн удирдах албан тушаал /Management company executive/ 

Эдгээр ажлын байрны ажил үүрэг заримдаа давхцах, төстэй байх талууд байдаг бөгөөд тухайн удирдаж буй хөрөнгө, байгууллагааc хамааран өөр өөр байдаг.

Ерөнхийдөө үл хөдлөх хөрөнгийн менежер нь дараах 5 чиглэлд үүрэг хариуцлага хүлээн ажилладаг. Үүнд:

  •  Бодит хөрөнгийн менежмент – урсгал болон капитал засвар үйлчилгээ, шалгалт, үйл ажиллагаа, тогтвортой байдал
  • Хүний нөөцийн менежмент – хөрөнгийн үйл ажиллагааг дэмжих үйлчилгээ, засвар үйлчилгээ хийж буй хүмүүсийг удирдах, манлайлах
  • Санхүүгийн менежмент – төсөв гаргах, нягтлан бодох бүртгэл, санхүү болон хөрөнгө оруулалтын шинжилгээ, хөрвөх чадвар, санхүүжилт хийх
  • Маркетинг болон түрээс – маркетингийн төлөвлөгөө, стратеги, зар сурталчилгаа хийх, байр, талбайг түрээслэхэд бэлтгэх, хөрөнгийг үзүүлэх, харилцагчтай хэлэлцээ хийх, түрээсийг хураах
  • Эрх зүй болон эрсдэлийн менежмент – даатгал, аюултай нөхцөл байдалд аврах  ажиллагааны төлөвлөгөө гаргах, засгийн газрын дүрэм, журамын мэдлэг, гэрээ хэлцэл хийх зэрэг орно.
Ингээд цаашид тус ажлын байр тус бүрийн онцлог, гүйцэтгэх үүргийн талаарх мэдээллийг цувралаар оруулах болно.

No comments:

Post a Comment